Малайз улсад “Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн долдугаар хурал” зохион байгуулагдлаа.

Малайз улсад “Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн долдугаар хурал” зохион байгуулагдлаа.

ТүгээхShare

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооний төлөөлөл Малайз улсад “Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн долдугаар хурал”-д оролцлоо.

Үйлдвэр, бүтээлийн томорхон төслүүд хэрэгжих, аж үйлдвэр өсөхтэй зэрэгцээд эрсдэлтэй нөхцөлд ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах асуудал манай улсад тулгамдсан асуудал болж байна. Үүнтэй холбогдуулан холбооны зүгээс үндэсний ХАБЭМ-ийн чадавхыг хөгжүүлэх хувь нэмэр оруулах зорилгоор Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн 8 дугаар хурлыг 2026 онд Улаанбаатар хотод хийх талаар бусад улсын төлөөлөгч нартай санал солилцов.

Хуралд оролцогчдын ярилцлагаас

А.Цэнгэлмаа, ХАБЭМТ-ийн хэлтэсийн дарга, НЭМУ-ы магистр, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч

Хуралд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаач:

Азийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хуралд оролцсондоо туйлын баяртай байна.
Орчин цагт дэлхийн хэмжээнд тулгамдаж буй хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар сонсож мэдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт хэрэглэгддэг хэмжилт, шалгалт тохируулга, туршилтын зарим багаж хэрэгслийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар үзэж танилцсан сайхан хурал боллоо. Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчийн хувьд ажиллаж буй салбартаа мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ тогтмол хөгжүүлж, мэргэжлийн ур чадамжаа хадгалах үүргийг хүлээдэг. Тус хурлын үеэр ч тэр чадамжтай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ажиллуулах асуудлыг хөндөж байсан бөгөөд үүний хүрээнд өөрийн мэдлэгт ападет хийж чадсан гэж бодож байна.

Хурлаас сурч, мэдсэн шинэ мэдлэг мэдээллээ багцлаад хэлбэл:

Хурлаас олон шинэ мэдлэг мэдээллийг олж авлаа. Үйлдвэржилт, шинэ технологи, эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр шинэ аюул, эрсдэлтэй нөхцөлд ажиллагсад өсөж, тэдний эрүүл мэндийг хамгаалах ХАБЭА-н шаардлага нэмэгдэж байгааг онцолж байсан. Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан эргономикийн үнэлгээний хэрэгслийг ашиглах, химийн бодистой холбоотой хүний алдаа, зөрчилийг бууруулах, үр ашгийг дээшлүүлэхийн тулд ажлын явцыг дижитал болгох буюу цахим химийн удирдлагын системийг нэвтрүүлэх, 3D принтерийг хэрэглэх болсонтой холбоотойгоор үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зэргийг дурдаж болох юм. Мөн мэргэжлийн талаасаа суралцахаас гадна олон улсын хурлын бүтэц, зохион байгуулалт, дэг жаяг, үзүүлэн материал зэргээс олон туршлага судаллаа.

Бусдад хуваалцахаар сайн туршлага юу байсан бэ?

Томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд Малайз улсын Петронас компанийн ХАБЭА-н соёл, туршлагаас суралцах, мөн хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйг бизнесын үйл ажиллагаанд нэгтгэх, уялдуулах, хортой аюултай химийн бодисын агуулахын аюулгүй байдлыг хангах практик туршлагаас суралцах, хиймэл оюун ухаанд суурилсан эргономикийн үнэлгээний хэрэгслийг ашиглан үнэлэх, эргономикийн эрсдэлийг бууруулах зэрэг сайн туршлагуудыг онцолж болох юм.

Нийт харилцан яриа