Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтан хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд энэ үүргээ биелүүлэхгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр тухайн ажилтныг эрт тэтгэвэрт гаргаж буй нь ажилтныг хохироож байдаг. Тиймээс энэ талаар тодруулахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн хэлтсийн дарга, Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Цэнгэлмаатай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэж юу вэ, ямар салбарын аж ахуйн нэгж байгууллага үнэлгээнд хамрагдах шаардлагатай вэ?
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай, хортой хүчин зүйлсийг үнэлэх, ажил хөдөлмөртэй холбоотой өвчлөлөөс ажилтнуудыг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох зорилгоор хийгддэг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үнэлгээ юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, ажил олгогч нь хөрөнгө оруулалт, өмчийн хэлбэрээс үл хамааран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам", "MNS 5080:2023, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага" стандартад заасан шаардлагын дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх үүрэг хүлээдэг.
- Ямар байгууллага ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрхтэй байдаг вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу MNS ISO 17020 стандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага үнэлгээг хийх эрхтэй.
Итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага нь орон тооны хөдөлмөрийн эрүүл ахуйчтай байх, үнэлгээний тайланг хянаж, баталгаажуулах мэргэжлийн чадамжаа баталгаажуулсан орон тооны мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйчтай байх, шалгалт баталгаажуулалт хийгдсэн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй байх, үнэлгээ хийхдээ MNS ISO 17025 стандартаар итгэмжлэгдсэн лабораторитой хамтран ажилладаг байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн байх зэрэг шаардлагууд тавигддаг.
- Аж ахуйн нэгж байгууллагууд ямар давтамжтай үнэлгээ хийлгэх ёстой вэ. Үнэлгээний тайланд хүчинтэй хугацаа гэж байдаг уу?
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдсон эрүүл мэндийн өндөр эсхүл ноцтой эрсдэлтэй ажлын байранд жилд 1-ээс цөөнгүй удаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг хянаж, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний үр нөлөөг тогтмол үнэлнэ.
Харин ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн нөхцөлтэй нь тогтоогдсон, дунд эрсдэлтэй ажлын байранд 3 жил тутам, эрсдэлгүй ажлын байранд 5 жил тутам хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, эрсдэлийн түвшинд хяналт тавих ёстой.
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр тухайн ажилтны ажлын байр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдвол ажил олгогч юу хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр тухайн ажилтны ажлын байр нь эрүүл мэндийн өндөр эсхүл ноцтой эрсдэлтэй буюу хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдвол ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 120.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний MNS 5080:2023 стандартын 10 дугаар зүйл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.7 дахь заалтын дагуу эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд энэ үүргээ биелүүлэхгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр ажилтнуудыг эрт тэтгэвэрт гаргах нь ажилтныг хохироож байдаг.
- Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" нь ямар учиртай жагсаалт вэ. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээтэй холбоотой асуудал мөн үү?
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаал буюу “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт" нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил, мэргэжилтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, ажлын байран дахь эрсдэлийг арилгах эсвэл хангалттай бууруулах технологийн шийдэлгүй, боломжгүй бол ажилтныг эрт тэтгэвэрт гаргах явдал юм.
Иймд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил мэргэжил нь ажилтныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болдог. Иймд дээрх жагсаалтад орсон ажил мэргэжлийг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д нийцүүлэн ажилтныг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрт тодорхой тусгаж байх нь зүйтэй.
Харин ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь дээр хэлсэнчлэн ажилтны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох зорилготой хийгддэг тусдаа үйл ажиллагаа юм. Тус жагсаалтад ажил мэргэжлийг нэмэх, хасах зорилгоор хийгддэг үйл ажиллагаа биш гэдгийг уншигч олон анхаарч ойлгохыг хүсэж байна.
- Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д яаж нэмэлт, өөрчлөлт оруулдаг вэ?
Ажлын байрны эрсдэлийг бууруулах дэс дараатай арга хэмжээг хамгийн боломжит түвшинд тогтмол хэрэгжүүлдэг боловч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлогоос хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг нь арилгах боломжгүй нь тогтоогдсон хэвийн бус нөхцөлтэй ажил, мэргэжлийг тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад оруулах саналыг ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд гаргана.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажлын байранд хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, тогтмол хэрэгжүүлдэг эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлогоос хамаарсан эрсдэлийн шинж чанарын хэрэгжилтийн тайланг төвийн дэргэдэх хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулан шийдвэрлүүлэх зохицуулалт мөрдөгдөж байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөл нь мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага болон хөндлөнгийн үнэлгээний байгууллага, хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн холбоо, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын төлөөлөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч зэрэг мэргэжлийн төлөөллөөс бүрдсэн байдаг.
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний чиглэлээр тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Зөв зүйтэй мэдээллийг түгээж буй танай хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Эцэст нь ажил олгогч нартаа хандан дахин хэлэхэд урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажилтнуудынхаа эрүүл мэндийг хадгалж үлдэн асар их бүтээн байгуулалтыг хийх боломжтой гэдгийг хэлье.
Нийт 5 харилцан яриа
Бэлгүүнням Цогт-Очир
Aenean eu leo quam. Pellentesque ornare sem lacinia quam venenatis vestibulum. Duis mollis, est non commodo luctus, nisi erat porttitor ligula, eget lacinia odio sem nec elit. Sed posuere consectetur est at lobortis integer posuere erat ante.
Наранчулуун Давааням
Quisque tristique tincidunt metus non aliquam. Quisque ac risus sit amet quam sollicitudin vestibulum vitae malesuada libero. Mauris magna elit, suscipit non ornare et, blandit a tellus. Pellentesque dignissim ornare faucibus mollis.
Gansukh Batjargal
Cras mattis consectetur purus sit amet fermentum. Integer posuere erat a ante venenatis dapibus posuere velit aliquet. Etiam porta sem malesuada magna mollis.
Анхмаа Эрдэнэцогт
Nullam id dolor id nibh ultricies vehicula ut id. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean eu leo quam. Pellentesque ornare sem lacinia aenean bibendum nulla consectetur.
Zaya Lawyer
Sed posuere consectetur est at lobortis. Vestibulum id ligula porta felis euismod semper. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.