Хөдөлмөрийн эрүүл ахуй 2024: Одоо ба Ирээдүй Анхдугаар бага хурал 2024 оны 10 дугаар сарын 2-4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн удирдлага, төлөөлөл, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн эрүүл ахуйчид, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмч, ХАБЭА-н мэргэжилтнүүд, Австрали, Канад, Сингапур улсаас уригдсан илтгэгч нар зэрэг 150 гаруй оролцогчид хамрагдав.
Бага хурал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн шинэ мэдлэг, мэдээлэл, сайн туршлага солилцохын зэрэгцээ салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, бодлого шийдвэрт тусгах санал зөвлөмжийг боловсруулахад салбарын яамд, олон улс, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах платформын үүргийг гүйцэтгэсэн чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний арга хэмжээ боллоо.
Хурлын хүрээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн хөгжлийн сургалт, Мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч нарт гэрчилгээ, мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан мэргэжилтнүүдэд салбарын шагнал гардуулах зэрэг арга хэмжээнүүд мөн зохион байгуулагдав.
Хуралд оролцогдчдоос 4 бүлэг бүхий 30 санал, зөвлөмж гарч Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь салбарын яам рүү санал хүргүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуй 2024: Одоо ба ирээдүй. Бага хурлаас гарсан санал, зөвлөмж
Нэг. Бодлогын түвшинд (ГБХНХЯ, ЭМЯ)
- ХАБЭМ-ийн тухай 187 дугаар конвенц, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 161 дүгээр конвенцэд нэгдэн орох
- ХАБЭА-н тухай хуулийг шинэчлэх, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалыг шинэчлэх, үүнд ажилтны тоо, эрсдэлтэй салбараас хамааруулан хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХЭМ-ийн эмч ажиллуулах зохицуулалтыг бий болгох, бичил, жижиг үйлдвэр, албан бус салбарын ХАБЭА-н зохицуулалтыг сайжруулах
- Осол, өвчлөл үүсэж болзошгүй эрсдэлийг бодитой илрүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид урьдчилан мэдээлэхгүйгээр төлөвлөгөөт бус шалгалтын хамрах хүрээнд хийх зохицуулалтын заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн стандартуудад 5 жил тутамд үзлэг хийж, цаг үе, шинжлэх ухааны хөгжлийн түвшинтэй уялдуулан шинэчлэн сайжруулж байх
- Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан ажилтны эрүүл мэндийн үзлэгийн журмыг шинэчлэх, ажилд орохын өмнөх үзлэг, хугацаат үзлэг, ажлаас гарах үеийн үзлэг зэрэг ЭМ-ийн үзлэгийн төрлүүдийг журамд тодорхой тусгах, Олон улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан оношлогоо, эмчилгээний удирдамжийг нэвтрүүлэх, өндөр эрсдэлтэй ажил мэргэжилд ажиллах ажилтанд тавигдах эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг суурь судалгааны хийж гүйцэтгэсэний үндсэн дээр боловсруулах,
- МШӨ-ний оношлогоо, эмчилгээний болон мэргэжилтэн бэлтгэх стандарт, удирдамж боловсруулалтад эрүүл мэндийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Aжилчдын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдэнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шийдвэрүүдийг гаргахад төрийн захиргааны төв байгууллагууд анхаарч нотолгоонд суурилсан шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд ажил олгогч нарыг дэмжиж ажиллах
- Аймаг, нийслэл, дүүрэг, зарим сумын эмнэлэгүүд нь МШӨ-өөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өвчтөнд анхан шатны үзлэг хийх, оношлох, мэдээллийн сан бүрдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд МШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх кабинетыг ажиллуулах ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах
- Ажлын байран дахь аюултай, хортой хүчин зүйлсийн өртөлтийг үнэлэхээс гадна эргономик, сэтгэлзүйн асуудлыг үнэлэх аргачлал удирдамжийг боловсруулан батлуулах
- ХАБЭМТ-өөс зохион байгуулдаг ажилтны эрүүл мэндийн үзлэг, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнээс олсон орлогын тодорхой хувийг хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн лаборатори, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулахад зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх
Хоёр. Мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагын түвшинд
- ХАБЭМ-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
- Агаарт кварц цахиур, хүнд металл, органик нэгдэлүүд, бусад өртөлтийг тодорхойлох шинжилгээ хийдэг лабораторийг нэмэгдүүлэх, НЭМҮТ-д байгуулагдсан асбест тодорхойлох лабораторийн хэвийн ажиллагааг хангах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн үндэсний чадавхийг хөгжүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагч нарыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын лаборатори, хэмжилтийн багаж хэрэгслээр хангах
- Хэмжилтийн багаж хэрэгслийн үнэн бодит байдлыг хангах шаардлагаар шалгалт тохируулга хийгдэх боломж нөхцөлийг бүрдүүлэх
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний нэгдсэн цахим статистик бүртгэл мэдээллийн санг бий болгох, шаардагдах санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх
- Төрийн байгууллагын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үнэ тарифыг бодит нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх
- ХАБЭА-н сургалтын төвүүдийн ХЭМ, ЭА-н сургалтыг мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйчаар оруулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих
- ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, мэргэшсэн боловсон хүчний хүрэлцээг сайжруулах, чадавхижуулах
- MNS ISO 17020 стандартыг хэрэгжүүлэхээс гадна холбогдох хууль, дүрэм, журам, стандартын нийцлийг хангах, хэрэгжилтийг сайжруулах
- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон ажилтны эрүүл мэндийн үзлэгийн тандалтын хэрэгжилтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт шалгалтад хамруулах
Гурав. Мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, чадваржуулах, эрдэм шинжилгээний хүрээнд
- Их дээд сургуулиуд хөдөлмөрийн эрүүл мэндийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тогтмол судлан, хүний нөөцийн хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх
- Их дээд сургуулийн багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, залгамж үе халааг бодлогоор бэлдэх
- ШУТИС, АШУҮИС хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэнг “Sandwich” хөтөлбөрөөр бэлдэх боломжийг судлах
- ХЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн итгэмжлэгдсэн лаборатори, үнэлгээний байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарт хяналт тавих
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдлын тайланг 5 жил тутам шинэчлэх ажлыг тогтмолжуулах
- Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах зорилгоор хөдөлмөрийн аюултай хүчин зүйлс, осол гэмтэл, ажлын байрнаас шалтгаалсан өвчлөлийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг цар хүрээг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, ажил олгогч нартай хамтран ажиллах, улмаар нөхөн олговорт зарцуулж буй хөрөнгийг сэргийлэлтийн ажил үйлчилгээнд зарцуулж, эрүүл ажилтанг эрүүл, чанартай амьдрахад дэмжиж ажиллах.
Дөрөв. Аж ахуйн нэгж байгууллагуудад
- Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэл өндөртэй ААНБ-уудад Хөдөлмөрийн эрүүл мэндийн (МШӨ судлаач эмч, хөдөлмөрийн эрүүл ахуйч) орон тооны мэргэжилтнүүдийг ажиллуулах
- Ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлсийн өртөлтийн суурь үнэлгээг хийж стандарт, арга аргачлалын дагуу цаашид шаардлагатай хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах
- Өртөлтийн суурь үнэлгээнд үндэслэн хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг сонгох, тохироог үнэлэх
- Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх болон хугацаат эрүүл мэндийн үзлэгийг төлөвлөх
- Ажлын байранд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн судалгаа /хөдөлмөрийн чадвар алдалтын өвчлөлийн судалгаа/-г хийж шалтгаан нөхцөлийг судлан тодорхойлох, эрүүл мэндийн боловсрол олгох
- Ажлын байран дээрх сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих орчинг бүрдүүлэх
- Ажлын байранд хэрэглэгдэх түүхий эд, бүтээгдэхүүний сонголт хийхдээ ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зүйлсээр орлуулах /тухайлбал гагнуурын электрод, асбест, химийн бодис гэх мэт/, өртөлтийн хяналтыг эх үүсвэр, дамжих замд чиглэсэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Нийт харилцан яриа