Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах мэдлэг, чадамжийн шаардлага

 Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбар Монгол улсад шинээр хөгжиж буй салбаруудын нэг юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд хөдөлмрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны үүргийн талаар заасан байдаг. Харин хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний үүргийг тусгайлан тодорхойлоогүй. Мөн  хөдөлмөрийн  ахуйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар өнөөг хүртэл гараагүй байна. Тиймээ Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах мэдлэг, чадамжийн шаардлага зөвлөмжийг боловсруулан нийт гишүүдээсээ санал авч байна. Гишүүдээс авах саналыг 2018 оны 8 сарын 1-ны өдөр хүртэл [email protected] имэйл хаягаар дамжуулан авна.

Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд тавигдах мэдлэг, чадамжийн шаардлага зөвлөмжийг гишүүдийн саналын дагуу засаж сайжруулан эцсийн хувилбарыг боловсруулж ХНХЯ, МХЕГ, ХАБЭМТ, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудад хүргүүлэх болно.

 

 

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ МЭДЛЭГ, ЧАДАМЖИЙН ШААРДЛАГА

(ноорог)

Нэг. Ерөнхий

Мэргэжилтэн харьяалах салбартаа мэргэжлийн үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэхийн тулд мэдлэгээ тулд тогтмол дээшлүүлж байх нь зүйтэй. Мэдлэгийг тодорхой сэдвээр зохион байгуулагддаг мэргэжлийн сургалтаар олж авах боломжтой. Ийм сургалтаар олж авсан мэдлэг нь дипломын дүнгийн хавсралт гэх мэт боловсролын албан баримтаар баталгааждаг.

Түүнчлэн мэргэжлийн мэдлэгийг дадлага сургалт болон практик туршлагын хослолоор олж авч болно. Ийнхүү олж авсан мэдлэг нь боловсролын албан баримт гэхээсээ илүүтэйгээр шалгалт, ажлын намтар, лавлагаа захидал, ажил мэргэжлийн амжилт зэргээр баталгааждаг.

Энэхүү баримт бичгийг хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагааг эрхлэх мэргэжилтнүүдийг мэргэжлийн чадамжид тавигдах хамгийн доод түвшний шаардлагыг тодорхойлох зорилгоор боловсруулав. Үүнийг боловсруулахад Хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын холбооноос боловсруулсан мэргэжлийн чадамжийн талаарх зөвлөмжийг иш татав.

Энэхүү баримт бичгээр хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн аль нэг тодорхой сургалт, хөтөлбөрийг дүүргэхийг шаардаагүй. Харин хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтний олж эзэмшсэн байх шаардлагатай мэдлэг, гүйцэтгэх чадамжийг тодорхойлсон. Хөдөлмөрийн эрүүл ахуйн  мэргэжилтэн бүрийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн замнал арга хэлбэр нь харилцан адилгүй байж болно.

Хоёр. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн мэдлэг ба чадамж

Хөдөлмөрийн эрүүл ахуйн практик үйл ажиллагаа нь хор судлал, хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс, өртөлтийн хэмжилт, үнэлгээ, ажилтны өртөлтийг бууруулах, арилгах хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх мэдлэг, чадамжийг шаарддаг. Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн нь дараах чиглэлээр мэдлэг, чадамжаа батлан харуулсан нь шаардлагатай.

А. Хөдөлмөрийн эрүүл ахуйн өртөлтийн үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ

  1. Үйлдвэрлэлийн процесс, түүнтэй холбоотойгоор ажилтны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй сөрөг хүчин зүйлсийг ажлын үйл ажиллагаа, процесс, орчны байршилд ажиглалт хийх, зохих баримт бичиг, стандарт, бусад эх сурвалж(ашигладаг материалын жагсаалт, мэдээлэл, ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудтай ярилцах)-аас мэдээллийг олж авах байдлаар таньж тогтоох,
  2. Физик, хими, биологи, эргономикийн сөрөг хүчин зүйлсээс биологийн тогтолцоонд  үзүүлэх физиологи, хор судлалын талын харилцан үйлчлэл, улмаар ажлын байрны болон орчны бохирдлоос ажилтны эрүүл мэндэд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллийн талаар ойлголт мэдлэг,
  3. Эдгээр өртөлтөөс үүдэх эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл болон өртөлт хоорондын харилцан хамаарлыг хор судлал, тархвар судлалын зарчмууд, өртөлтийн зөвшөөрөгдөх хэмжээний талаарх батлагдсан стандарт, үйлдвэрлэгчээс гаргадаг материалын хор аюулын лавлах мэдээлэл, бусад баталгаат эх сурвалжаас мэдээлэл олж авах замаар тохиолдож аюулыг таньж тогтоох, урьдчилан үнэлэх,
  4. Сөрөг хүчин зүйлсийн өртөлтийн хэлбэлзэл, эрчмийг үнэлэх үр нөлөөтэй өртөлтийн үнэлгээний стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх,
  5. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн ур чадварт суурилан өртөлтийн тоон ба чанарын мэдээ   баримтад дүн шинжилгээ хийх болон өртөлтийн зохих үзүүлэлтийг холбогдох стандарт, удирдамжтай харьцуулах замаар  ажилтны эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх,
  6. Дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд өртөлтийг бууруулах, арилга арга хэмжээг зөвлөх,
  7. Ажилтны эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх нэмэлт үнэлгээний хэрэгцээ тодорхойлогдвол үүнийг ойлгомжтой тодорхой байдлаар тайлагнах, олж илрүүлсэн үр дүнг мэдээлэх

B. Эрүүл ахуйн эрсдэлийн хяналт

  1. Эрсдэлийн үнэлгээний үр дүн үндэслэн эрсдэлийг бууруулах арилгах зорилгоор хэрэгжүүлж буй инженер, удирдлага зохион байгуулалт, хувийн хамгаалах хяналтын арга хэмжээ болон түгээмэл хэрэглэдэг стандарт, удирдамж, туршлагын нөлөөг үнэлэх,
  2. Ач холбогдолтой бүхий л мэдээллийг ашиглан эрүүл ахуйн хяналтын арга хэмжээний шатлалын зарчимд суурилсан сөрөг хүчин зүйлсийн өртөлт эсвэл аюулыг зөвшөөрөх хэмжээнд хүртэл бууруулах тохиромжтой хяналтыг аргыг сонгох,
  3. Шаардлагатай тохиолдолд хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, үр нөлөөг нь баталгаажуулахтай холбоотой үйл ажиллагааны  нөөцийн оновчтой зохион байгуулах,

4. Хэрэгжүүлж буй өртөлтийн арга хэмжээний үр нөлөөг баталгаажуулах

С. Хөдөлмөрийн эрүүл ахуйн менежмент

  1. Хөдөлмөрийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд, инженер, менежер нартай хамтран ажилтны эрүүл мэндэд аюултай өртөлтийг үнэлэх, үр дүнг нь мэдээлэх, түүнийг бууруулах хяналтын арга хэмжээний талаар үр нөлөөтэй менежментийн суурь тогтолцоог бий болгоно. Суурь менежментийн тогтолцоо нь  эрүүл ажилтан, суурьшлын орчныг бий болгоход чиглэсэн эрсдэлийн үнэлгээний баталгаат аргачлал, аюулын хяналтын зохистой арга, бусад мэдээлэл (зохицуулалт, стандартын шинэчлэл)-ийг багтаасан байна.
  2. Төсөл, менежментийн арга хэрэгсэл, үр нөлөөлтэй харилцааны стратеги, тогтмол үнэлгээг ашиглан менежментийн тогтолцооны шаардлагыг хэрэгжүүлэх,
  3. Менежмент тогтолцоог холбогдох зохицуулалт, мэргэжлийн стандарт, сайн практиктай харьцуулсан суурь болон хугацаат үнэлгээг хийх,
  4. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагаанаас үүдэн ажилтнуудын эрүүл мэндэд нөлөөлөх ёс зүй, нийгэм, соёлын асуудлуудыг таньж тогтоох, анхааран ажиллах

Гурав. Боловсролын суурь шаардлага

Дээрх мэргэжлийн чадамжийг эзэмшихийн тулд шинжлэх ухааны суурь мэдлэгийг дээд боловсролын сургалтаар олж авсан байхыг шаарддаг. Мэргэжилтэн болох хүн нь эрүүл ахуй-тархвар судлал, нийгмийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдал, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд гэсэн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байна. Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн  мэргэжлийн ёс зүй, хүний биеийн физиологи, хими, хөдөлмөрийн эрүүл ахуй, хор судлал, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх арга зүй, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын арга зэрэг хичээлүүдийг дээд боловсролын сургалт эсвэл тасралтгүй сургалтаар зайлшгүй судалсан байна. Мэргэжлийн сургалтын шаардлага хангасан байдлыг албан ёсны гэрчилгээ, диплом дээрх судалсан хичээлийн жагсаалт, дүнг үндэслэн.

Төслийг боловсруулсан:   Д.Нарансүх, Анагаах ухааны доктор, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн

Санал авах хугацаа: 2018 оны 8 сарын 1-нийг хүртэл.

Санал илгээх имэйл:  [email protected]

 

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО